Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
mes

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэтгэлэг нь ШУТИС-ийн Хүндэт доктор, “Тоёота Мотор Корпораци”-ийн Ерөнхийлөгч асан Тоёода Шоичиро агсны санаачлан байгуулсан Тоёота сан болон Тоёота Сэйлс Монголиа” компанийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг бөгөөд Монгол Улсад автомашин, инженерийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.

2025 онд зохион байгуулсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль (МИТС)-ийн 12 оюутан шалгарч, тус бүр 2,000,000 төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Мөн тэд Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн албан ёсны дилер байгууллагуудад дадлага хийх, мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулах боломжийг давхар олж байна.

Тэтгэлэг хүртсэн оюутнууд дараах мэргэжлийн хөтөлбөрүүдээс шалгарлаа:

  • Авто инженер – 6 оюутан

  • Мехатроник инженер (Машины электрон систем) – 6 оюутан

Тэтгэлгийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд оюутнуудын материал, нийгмийн идэвхи, мэргэжлийн чиглэлээр оролцсон үйл ажиллагаануудыг үнэлсэн бол хоёрдугаар шатанд Тоёота компанийн мэргэжилтнүүд ярилцлага хийж, оюутнуудын хандлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан эцсийн шалгаруулалтыг хийсэн юм.

Оюутнуудын сэтгэгдлээс:

Г.Марал-Эрдэнэ (МИТС-ийн 3-р курсийн оюутан):
"Ярилцлагын шат хамгийн сорилттой байсан ч өөрийн сонирхдог, судалдаг зүйлсийн талаар итгэлтэй ярьсан маань тэтгэлэгт хамрагдахад тус болсон гэж бодож байна."

Шалгарсан нийт оюутнууддаа сурлага, мэргэжилдээ амжилт гаргахыг хүсэн ерөөе. Та бүхний авьяас чадвар, хичээл зүтгэл Монголын инженерийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр болно гэдэгт бид итгэлтэй байна.

МИТС-ийн захиргаа
2025.04.10