ШУТИС-ийн багш, судлаачид Зүүн Азийн Тээвэр Судлалын Нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ.
mes

Зүүн Азийн Тээвэр Судлалын Нийгэмлэг (EASTS)-ийн олон улсын эрдэм шинжилгээний 16-р хурал Индонези улсын Суракарта хотноо 2025 оны 9-р сарын 1-4-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “Зүүн Азийн тээврийн салбарын тогтвортой хөгжилд нутаг орны онцлогтой ухаалаг шийдэл, ногоон технологийг ашиглах нь” сэдэвт энэ удаагийн хуралд тус нийгэмлэгийн олон улсын шинжлэх ухааны хороогоор хянан магадлагаа хийгдэж хүлээн
зөвшөөрөгдсөн 400 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл оролцох эрхтэй болж хэлэлцэгдсэн байна.


Тус хуралд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль, Менежментийн сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш судлаачид тээврийн сүлжээний оновчлол, логистик байгууламжийн төлөвлөлт, тээврийн эрэлтийн менежмент, тээврийн дэд бүтцийн хүртээмж, тээврийн экологи, замын хөдөлгөөний зохион байгуулалт, тээврийн тогтвортой хөгжилд хүний нөөцийн үзүүлэх нөлөө, жуулчин тээврийн үйлчилгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, шуудангийн логистик, бага өртөгийн агаарын тээврийн хөгжил, нисгэгчгүй нисэх хэрэгслийн аэродинамик зэрэг чиглэлийн 14 илтгэлээр оролцож судалгааны үр дүнгээ амжилттай хэлэлцүүлэв.


Зүүн Азийн Тээвэр Судлалын Нийгэмлэг нь 1994 онд Японы их сургуулиудын эрдэмтдийн санаачлагаар байгуулагдсан ба Ази номхон далайн бүсийн 19 орны 2100 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бөгөөд хоёр жил тутамд олон улсын хурал зохион байгуулж туршлага солилцох, олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх, хөгжиж байгаа гишүүн орнуудынхаа судлаачдад хуралд оролцох тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагаа явуулахаас гадна “Азийн тээвэр судлал” индекстэй сэтгүүл, “Зүүн Азийн тээвэр судлалын нийгэмлэгийн сэтгүүл”, “Олон улсын хурлын эмхэтгэл” гэсэн эрдэм шинжилгээний хэвлэн нийтлэлийг эрхлэн гаргаж бүс нутаг дахь тээвэр судлалын хөгжлийг дэмжих зорилготой ажилладаг.