Судалгааны төвүүд
МЕТАЛЫН СОРИЛТ, ТУРШИЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв нь 1992 онд "Цутгуурын төв лаборатори" нэртэйгээр үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй. 1999 оноос ШУТИС-ийн МехТС-д шилжин ирж "Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв" болсоноор сургалт, судалгаа хийх боломжтой болсон юм. Тус төв нь АНУ, ХБНГУ, Австри, Англи, Дани зэрэг 10 гаруй орны тоног төхөөрөмж дээр шинжилгээ судалгаагаа явуулдаг. 2000 оноос МУ-ын Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч улсын хэмжээнд метал бүтээгдэхүүн, эд ангид хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
МЕТАЛЛУРГИ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
Металлурги, дэвшилтэт технологийн судалгааны төв нь ашигт малтмал, хаягдал түүхий эдийг ашиглан эд анги хийх, шинэ материал гарган авах болон боловсруулах технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Мөн тус төв нь стратегийн ач холбогдолтой металлын орцыг багасгах, олдоц элбэг, хямд материалаар орлуулах технологийг судалдаг. Бид ашигт малтмал, металл, материалыг ашиглан материалын ашиглалтын талаархи мэдлэгийг бий болгож ирээдүйн нийгмийг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Тус судалгааны төвд тус сургуульд суралцаж буй судлаач бакалавр, магистр, доктор оюутнууд судалгаа хийхээс гадна МУИС, ХААИС, ШУА, бусад байгууллагын багш судлаачид шинэ материал гарган авах, технологи хөгжүүлэх судалгааны ажлууд хийж гүйцэтгэж байна.
Гол үйл ажиллагаа:
- Судалгаа хийх,
- Сургалт явуулах,
- ТЭЗҮ боловсруулах,
- Чадварлаг судлаачид бэлтгэх, хөгжүүлэх
- Технологийн үнэлгээ хийх,
Одоогоор манай лабораторид дараах судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнд:
- Төмрийн баяжмалаас магнетит, маггемит зэрэг фазуудыг боловсруулах технологийн судалгаа
- Төмрийн хорголж ашиглан ангижруулсан төмөр гарган авах технологийн судалгаа
- Төмрийн баяжмалыг хайлж цэвэршүүлэн цэвэр техникийн төмөр гарган авах судалгаа
- Fe-P, Fe-Co суурилсан ховор металлын хэрэглээгүй хатуу соронз боловсруулах, түүний шинж чанарын судалгаа
- Зэсийн нунтаг ашиглан сүвэрхэг шүүлтүүрийн материал боловсруулах технологийн судалгаа
- SPS технологийг ашиглаж, зэс матрицтай төмрийн баяжмал нэмэлттэй композит материалын судалгаа
- Хөнгөн цагаан суурьтай үнс нэмэлттэй композит материал үйлдвэрлэх технологийн судалгаа
- Үнс суурьтай металл нэмэлттэй керамик композитын судалгаа
ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТӨВ
Тус төв нь чацарганы жимсийг хураах ажиллагааг механикжуулах, үйлдвэрийн аргаар боловсруулах, техник, технологийг боловсронгуй болгох туршилт судалгааны ажил, үйлдвэрлэлийг механикжуулах жижиг дунд үйлдвэрийн бага оврын тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан технологийн гэрээт ажил, төсөл гүйцэтгэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Чацаргана жимсийг үйлдвэрийн аргаар боловсруулах техник технологийг боловсронгуй болгох чиглэлээр туршилт судалгаа, зохион бүтээх ажил 1983 оноос эхлэн хийгдэж 1988 онд чацаргана судлалын лабораторийг байгуулж, 1983 - 2008 онд хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний гэрээт болон төслийн ажлын санхүүжилтээс багаж тоног төхөөрөмжийг үндсэнд нь авч лабораторийн материаллаг баазын бэхжүүлсэн юм. Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохирсон чацарганы жимсийг үйлдвэрийн аргаар иж бүрэн боловсруулах техник технологийг боловсронгуй болгох зарим тоног төхөөрөмжийг зохион бүтээх, бүтээгдэхүүн боловсруулах ажлыг тус лабораторид гүйцэтгэж байна.
Тус төвийн боловсруулсан "Чацарганы цэвэр тос" бүтээгдэхүүн нь 2010 онд БНСУ-ын Сөүл хотноо дэлхийн оюуны өмчийн байгууллагаас зохион байгуулсан "Seoul International invention Fair 2010" үзэсгэлэнд оролцож алтан медаль хүртсэн юм. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн 36 орны 650 гаруй бүтээл тавигдсан билээ.
Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жил
- Сэлэнгэ аймагийн ЭСУК жилд 170 тн чацаргана боловсруулах цех
- Завхан аймгийн ЭСУК жилд 170 тн чацаргана боловсруулах цех 1986 он
- Дархан-Шарын голын жимс ногооны консервын завод жилд 50 тн чацаргана боловсруулах цех
- Увс аймгийн Улаан толгойн САА, Болор ХХК жилд 170 тн чацаргана боловсруулах цех 1992 он
- Увс аймгийн Ус-Эрдэнэ ХХК, Увс-ТЭС ХХК чацаргана шахах пресс 2004 он
SUN PEGASUS СУДАЛГААНЫ ТӨВ
Магни ба нарны лазер ашигласан экологийн цэвэр энергийг үйлдвэрлэх үндсэн болон дагалдах технологиудыг боловсруулах, улмаар Монгол улсын болон бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, магнийн нийгэм байгуулах Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлын чиглэлээр
- Судалгаа, шинжилгээний ажлыг олон улсын жишигт нийцсэн түвшинд хүргэх
- Дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх, хурал семинарыг зохион байгуулах болон оролцох
- Оюуны бүтээлийг хамгаалах, сурталчлах
- Оюуны багтаамж сайтай технологи, бүтээгдэхүүнийг бий болгох
- Техник, технологийн чиглэлийн дэлхийн түвшний технологийг бүс нутгийн хэмжээнд түгээх, сурталчлах, нэвтрүүлэх
- Техник, технологийн чиглэлээр электрон сэтгүүл гаргах, семинар зохион байгуулах
СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ
Тус төв нь 2021 онд байгуулагдсан ба Монгол улсын хэмжээнд байгалийн ухаанд суурилсан соёлын биет өвийг шинжлэн судлах шилдэг мэдлэг, чадвар бүхий судалгааны баг, хамт олныг нэгтгэн олон улсад өрсөлдөхүйц, нарийн технологи, мэдлэг шингэсэн үндэсний соёлын инновацийн бүтээгдэхүүн бий болгож, дэвшилтэт технологийн судалгаа хийх өндөр чадавхтай мэргэжилтэн бэлтгэх замаар өндөр технологи хөгжүүлэх, нутагшуулах, дамжуулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн судалгаа, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах
- Бие даан болон гадаад (БНСУ), дотоодын бусад байгууллагуудтай хамтран олон улсын, улсын төсвийн, бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэх
- Солонгос хэлний сургалт зохион байгуулах
НИСЭХИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ
Нисэхийн сургалт, судалгааны төв нь бүх төрлийн дрон (quadcopter, hexocopter, octocopter) болон нисгэгчгүй нисэх аппаратын аэродинамик судалгааг гүйцэтгэх, хөгжүүлэх, зохион бүтээх ажлыг хийдэг. Мөн хатуу биеийг тойрон урсах агаарын шинж чанарыг судалдаг. Түүнчлэн тус төв нь карбон болон шилэн файбер полимер холбогчтой композит материалаар автомашин, нисэх онгоц, ундаг дугуй, ахуйн хэрэгцээний эд ангиудыг хийх, хөгжүүлэх судалгаа гүйцэтгэдэг. Боиенг 737макс агаарын хөлгийн хөдөлгөөнгүй симульяци ашиглан нисгэгчийг дадлагажуулах хөтөлбөр гүйцэтгэж байна.
Төвийн үндсэн тоног төхөөрөмжүүд. Үүнд:
- Нам хурдны аэродинамикийн хоолой. Үндсэн үзүүлэлт нь 38 м/сек хурд гаргана, ажлын талбар нь 60х60х120 см, бүх үзүүлэлтийг тоон технологиор хүлээж авна.
- Даралтат зуух. Үндсэн үзүүлэлт нь 10 бар даралт гаргана, 0-2300С температур үүсгэнэ, ажлын талбар нь 2000х1000 мм.
- Боиенг 737-MAКС Симулятор. Энэ төхөөрөмж нь Боиенг 737-MAКС агаарын хөлгийн 1:1 хэмжээтэй, нислэгийн үеийн бүх үзүүлэлтүүдийг хангаж, агаарын хөлгийн жолоодлогын нарийн төвөгтэй процессыг тоон технологоор бодит мэт харуулна.