2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр БНСУ-ын Халла Их Сургуулийн төмөр замын инженерчлэлийн 15 оюутан 3 профессор, багш нарийн хамт ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн Сургуульд (МИТС) зочилж, хамтарсан семинар зохион байгуулав. МИТС-ийн Тээвэр, логистикийн тэнхимийн эрхлэгч И.Базаррагчаа, дэд профессор Ц.Нямдулам, дэд профессор О.Эрдэнэ-Очир, ахлах багш Ж.Азжаргал, сургалтын мастер Б.Дэлгэрмаа болон метроны хөтөлбөрийн I, II курсийн оюутнууд зочдыг хүлээн авч, семинарт оролцов. Тус семинарт БНСУ-ын Халла их сургуулийн оюутан болон ШУТИС-ийн оюутнууд төмөр зам, метроны сургалт, мэргэжлийн онцлог, хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
|
|
Халла их сургуулийн профессор, оюутнууд БНСУ-аас эх газрын төмөр замын сүлжээнд нэгдэн орох боломж, Европ, ОХУ, Монгол болон бусад улсаас ашигт малтмал, түүхий эд материалыг төмөр замаар тээвэрлэн авах боломжийн талаар судалгааны ажил хийж буйг танилцуулав. Энэ чиглэлд ШУТИС-ийн судлаач, багш, оюутнуудыг хамтран оролцохыг санал болгосон бөгөөд Монгол Улсын төмөр зам Европ руу гарах хамгийн дөт зам болохыг онцолж, төмөр замын инженерчлэл, метроны системийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах тал дээр хоёр сургууль цаашид хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.
|
|
Семинарын чөлөөт ярилцлагын үеэр оюутнууд сургалтын орчин, суралцах арга барил, мэргэжлийн чиг хандлагын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцлоо. Халла их сургуулийн багш, оюутнууд МИТС-ийн сургалтын орчин, лабораторитай танилцаж, дурсгалын зураг авахуулав. Энэхүү уулзалт, семинар нь ШУТИС болон БНСУ-ын Халла их сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төмөр зам, метроны чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадвар, олон улсын хамтын ажиллагааны туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

БНСУ-ЫН ХАЛЛА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.