Онцгой байдлын инженерүүдэд зориулсан автомашины цахилгаан, электрон системийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа
mes

Механик, Инженер, Тээврийн Сургууль (МИТС) болон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) хооронд байгуулсан гэрээний хүрээнд "Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засвар" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн аврах ангиудын гал унтраах тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн инженер, техникийн ажилтнууд хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.

Сургалтын хүрээнд:

  • Орчин үеийн автомашины электрон системийн онцлог,
  • Оношилгоо, засварын арга техник,
  • Оношлох багаж хэрэгсэл, гарын авлагыг ашиглах аргачлал зэрэг сэдвээр онол, практик хосолсон хичээлүүд орлоо.

Эдгээр сургалтуудыг "Авто инженерчлэл" хөтөлбөрийн багш нар удирдан явуулж, "Автомашины бүтэц, хийцийн лаборатор", "Автомашины цахилгаан болон электрон системийн лаборатор", "Transwest", "Cummins" компанийн нэрэмжит лабораториудад байрлах орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан дадлага ажил гүйцэтгэсэн нь үр дүнтэй боллоо.

Сургалтын хаалт ба хамтын ажиллагааны төлөвлөгөө

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд:
МИТС-ийн захирал, доктор, дэд профессор Н.Пүрэвдорж,
✅ Сургалт, чанарын албаны дарга, доктор, дэд профессор М.Дэлгэрнасан,
✅ ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар оролцож, сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Удирдлагууд сургалтаар олж авсан мэдлэг, ур чадварыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж, хамт олондоо түгээн дэлгэрүүлэхийг уриалсан бөгөөд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Энэхүү сургалт нь МИТС болон ОБЕГ хамтран зохион байгуулсан анхны хөтөлбөр байсан бөгөөд цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ижил төстэй сургалтуудыг тогтмол зохион байгуулах үндэс суурь тавигдлаа.

МИТС-ийн захиргаа

2025.03.13